бидний тухай

Нүүр › Бидний тухай › Түүхэн замнал

Түүхэн замнал


Замын-Үүд чөлөөт бүсийн үүсэл хөгжил нь Монгол Улсын эдийн засгийн шинэчлэл, гадаад худалдааны бодлоготой салшгүй холбоотой бөгөөд бүс нутгийн худалдаа, логистик, хөрөнгө оруулалтын томоохон төвийг байгуулах зорилгоос эхлэлтэй юм.

Монгол Улс 1990-ээд оноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шаардлага бий болсон. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурал 1995 онд “Монгол Улсад эдийн засгийн чөлөөт бүс байгуулах үзэл баримтлал”-ыг баталж, чөлөөт бүсийн хөгжлийн бодлогын үндэс суурийг тавьсан байдаг.

Үүний дараа 2002 онд “Чөлөөт бүсийн тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчин бүрдэж, Замын-Үүдийг стратегийн байршил бүхий эдийн засгийн чөлөөт бүс болгон хөгжүүлэх бодит ажил эхэлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын 2003 оны 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд чөлөөт бүсийг байгуулах шийдвэр гарч, улмаар 2004 онд Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Мөн тухайн онд чөлөөт бүсийн хил хязгаар, нутаг дэвсгэрийн хэмжээг 900 га байхаар тогтоож, ерөнхий төлөвлөлтийн ажлуудыг эхлүүлсэн нь өнөөгийн хөгжлийн үндсэн суурь болсон юм.

Замын-Үүд нь Монгол Улсын хамгийн ачаалалтай боомтын бүс бөгөөд Монгол Улсын экспорт, импортын нийт бараа бүтээгдэхүүний 60–70 орчим хувь нь тус боомтоор дамжин өнгөрдөг стратегийн ач холбогдолтой бүс нутаг юм. Иймд чөлөөт бүсийг худалдаа, логистик, үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын нэгдсэн төв болгон хөгжүүлэх зорилгоор дэд бүтцийн томоохон төслүүдийг үе шаттай хэрэгжүүлж ирсэн.

2005 онд Замын-Үүд чөлөөт бүсийн шав тавих ёслол болж, улмаар инженер-геологи, геодези, ус хангамж, авто зам, цахилгаан, холбоо мэдээллийн судалгаа, төлөвлөлтийн ажлууд эхэлсэн. Түүнчлэн Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төсөл” хэрэгжиж, чөлөөт бүсийн авто зам, инженерийн байгууламж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өргөжүүлэх ажлууд хийгдсэн.

2011 онд Замын-Үүд чөлөөт бүсийн Мастер төлөвлөгөө батлагдаж, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, агуулах логистик, аялал жуулчлалын бүсчлэл бүхий орчин үеийн хот төлөвлөлтийн хөгжлийн концепц тодорхой болсон. Мөн гүний гарц, авто жин, хяналтын систем зэрэг боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтууд ашиглалтад орсон нь бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чухал алхам болсон.

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллагуудтай хамтран Замын-Үүд чөлөөт бүсийн эрх зүйн орчныг шинэчлэх, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.

Өнөөдөр Замын-Үүд чөлөөт бүс нь Монгол Улсын өмнөд бүсийн эдийн засгийн өсөлтийн тулгуур төв болон хөгжиж, Евро-Азийг холбосон худалдаа, тээвэр, логистикийн олон улсын зангилаа бүс болох стратегийн зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Хэвлэл мэдээлэл, олон нийтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Отгонсайхан

Хаяг, утасны дугаар:

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651260143

Scroll to Top