Бидний тухай

Нүүр › Бидний тухай › Эрхэм зорилго, алсын хараа

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа


Олон улсын хамтын ажиллагаа

“Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн худалдаа, логистикийн интеграц, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна. Тус бүс нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны стратегийн гол гарц бүхий бүс нутагт байрладаг бөгөөд Евроазийн худалдааны сүлжээ, бүс нутгийн нийлүүлэлтийн хэлхээнд холбогдох өндөр ач холбогдолтой юм.

Замын-Үүд – Эрээн чиглэлийн боомт нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том урсгал төв бөгөөд Монгол Улсын нийт экспорт, импортын томоохон хувь нь энэхүү боомтоор дамжин өнгөрдөг. Иймд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах нь бүс нутгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөлд тооцогдож байна.

Замын-Үүд – Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс

БНХАУ-ын дарга Си Жиньпин 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа үеэр Замын-Үүд, Эрээн зэрэг хил орчмын бүс нутагт хил дамнасан “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” байгуулах санаачилгыг дэвшүүлсэн нь хоёр улсын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлсэн чухал үйл явдал болсон юм.

Энэхүү санаачилгын хүрээнд Монгол Улс, БНХАУ-ын холбогдох байгууллагууд хамтарсан судалгааны ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, хамтын ажиллагааны бүс байгуулах эрх зүйн болон эдийн засгийн үндсийг боловсруулах чиглэлээр нягт хамтран ажилласан байна.

Хоёр тал нийт дөрвөн удаагийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг заалт бүрээр нь хэлэлцэн, зарчмын хувьд тохиролцож, нэгдсэн саналд хүрсэн.

Хамтарсан зөвлөлдөх уулзалтууд

Анхдугаар зөвлөлдөх уулзалт /2015.03.26/

Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудлыг судлах ажлын хэсгийн анхны уулзалт зохион байгуулагдаж, хамтын ажиллагааны ерөнхий чиглэл, хөгжлийн үзэл баримтлал, бүсийн байршил болон хамрах хүрээний талаар санал солилцов.

Хоёрдугаар зөвлөлдөх уулзалт /2016.01.08/

Хамтын ажиллагааны бүсийн эрх зүйн орчин, гааль, худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогын уялдаа холбооны асуудлыг хэлэлцэж, хоёр улсын талуудын эрх, үүргийг тодорхойлох чиглэлээр хэлэлцээ өрнүүлэв.

Гуравдугаар зөвлөлдөх уулзалт /2016.04.19/

Талууд дэд бүтцийн холболт, логистик, тээвэр, эрчим хүч, худалдааны зохицуулалтын асуудлыг нарийвчлан хэлэлцэж, хамтын ажиллагааны бүсийн эдийн засгийн үр өгөөжийн талаар нэгдсэн ойлголтод хүрэв.

Дөрөвдүгээр зөвлөлдөх уулзалт /2019.03.11–12/

“Замын-Үүд – Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийн төслийг эцэслэн хэлэлцэж, хоёр тал агуулгын хувьд бүрэн тохиролцон, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн.

Засгийн газар хоорондын хэлэлцээр

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлөн Худалдааны сайд Жун Шань нар 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Бээжин хотноо гарын үсэг зурж баталгаажуулсан.

Энэхүү хэлэлцээр нь:

  • хил дамнасан худалдааг дэмжих,
  • хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх,
  • дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах,
  • үйлдвэрлэл, логистик, үйлчилгээний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх,
  • бүс нутгийн эдийн засгийн интеграцийг эрчимжүүлэх үндсэн зорилгыг агуулсан стратегийн ач холбогдолтой баримт бичиг болсон юм.

Монгол Улсын Их Хурал 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тус хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд БНХАУ-ын Төрийн Зөвлөл 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Монгол, Хятадын “Замын-Үүд – Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” байгуулахыг албан ёсоор зөвшөөрсөн мэдэгдлийг нийтэлсэн байна.

Хөгжлийн зорилт

Богино хугацааны зорилт /2027 он/
  • Хамтын ажиллагааны бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг үе шаттайгаар бүрэн дуусгах;
  • Үйл ажиллагааг эхлүүлж, хөрөнгө оруулалтын эхний төслүүдийг хэрэгжүүлэх;
  • Хоёр улсын хамтарсан удирдлагын гурван түвшний тогтолцоог бүрдүүлэх;
  • Гааль, худалдаа, хил нэвтрэлтийн уялдаа холбоог сайжруулах.

Дунд хугацааны зорилт /2033 он/
  • Олон улсын эрүүл мэндийн анхдагч бүс байгуулах;
  • Соёл, урлаг, аялал жуулчлалын хамтарсан төвүүдийг хөгжүүлэх;
  • Худалдаа, ложистикийн нэгдсэн төв байгуулах;
  • Санхүү, бизнесийн үйлчилгээний орчныг бүрдүүлэх;
  • Инновац, технологид суурилсан хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Урт хугацааны зорилт /2039 он/
  • Хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгах;
  • Худалдаа, хөрөнгө оруулалтын чөлөөт, аюулгүй, тогтвортой орчныг бүрдүүлэх;
  • Бүс нутгийн эдийн засгийн интеграцын шинэ загварыг бий болгох;
  • Инновац, өндөр технологид суурилсан хөгжлийн төв болон төлөвших;
  • Евроазийн худалдаа, тээвэр, ложистикийн стратегийн зангилаа бүс болох.

Хамтын ажиллагааны стратегийн ач холбогдол

“Замын-Үүд – Эрээн” эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, экспортын өрсөлдөх чадвар, бүс нутгийн хөгжлийг дэмжих стратегийн томоохон төсөл юм. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:

  • экспорт, импортын урсгал нэмэгдэх,
  • худалдаа, ложистикийн үр ашиг сайжрах,
  • гадаад, дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэх,
  • шинэ ажлын байр бий болох,
  • хил орчмын хот байгуулалт, үйлчилгээ, аялал жуулчлалын хөгжил эрчимжих,
  • үйлдвэрлэл, тээвэр, агуулах, санхүүгийн үйлчилгээний шинэ боломжууд бүрдэх зэрэг олон талын үр өгөөж бий болох юм.

 

Цаашид “Замын-Үүд” чөлөөт бүс нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх бүсүүдийн нэг болж, Монгол Улс, БНХАУ болон бүс нутгийн улс орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ төв болон хөгжих зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Амгалан

Хаяг, утасны дугаар:

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651260143

Scroll to Top