Монгол, Хятадын “Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийг сурталчлах, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын алба, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааны танхим, Зянсу мужийн Өвөр Монголын бизнес эрхлэгчдийн холбоо, Эрээн хотын Ардын засгийн газар, Эрээн хотын чөлөөт бүсийн удирдлагын хороо хамтран /2026.04.28/ БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотод амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээнд “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Чулуун-Эрдэнэ, БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны танхимын Гадаад хөрөнгө оруулалтын хэлтсийн нэгдүгээр зэрэглэлийн судлаач Сюй Мөнлинь, Монгол, Хятадын “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Менежментийн зөвлөлийн орлогч дарга Цао Чин болон холбогдох албаны төлөөллүүд оролцов.
Тус арга хэмжээний үеэр талууд Гуандун мужийн 70 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудад чөлөөт бүсийн татвар, гаалийн бодлого, тээвэр логистик, үйлдвэрлэлийн уялдаа холбоо, технологийн шинэчлэл, инноваци, экспортын боломжуудын мэдээллийг хүргэн, харилцан санал солилцож, бизнесийн орчныг сайжруулах тал дээр тулгамдаж буй асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүллээ.